Орчлон хорвоод наран гийж, дэлхийд хүмүүний амьдрал буцалсан энэ ертөнцөд байгалийн хууль, жам ёсоор бий болсон хар нүх ба хүний гараар бүтээсэн ус төрөгчийн бөмбөг хоёр байгаль, оюун ухаан хоёрын өрсөлдөөн гэлтэй.

Огторгуйн биетүүдийн бүтэц, хөдөлгөөнийг Исаак Ньютоны бүх ертөнцийн таталцлалын хуулиар томъёолдог. Жишээ нь аливаа нэг биет дэлхийн татах хүчнээс тасарч, огторгуйд дүүлэн одохын тулд түүний хурд 11.2 км/сек байх ёстой. Тэгвэл нарны хувьд энэ хурд нь 623 км/сек. Яагаад гэвэл нарны татах хүч ойролцоогоор дэлхийгээс 28 дахин их. Үүний нэгэн адилаар орчлонгийн хурдны дээд хязгаар болсон гэрлийн хурдтай хөдлөх биет ч гэсэн түүний татах хүчнээс гарч чадахгүй тийм аварга том “нар” байж болох уу гэсэн таамаглалыг анх 200 орчим жилийн өмнө тооч, физикч эрдэмтэн П.С.Лаплас (1749-1827) дэвшүүлсэн. Хэрвээ ийм биет байдаг бол түүний жин буюу масс сая сая нарны масстай тэнцүү байх ёстой.

Орчлонгийн аль нэг хязгаарт ийм их масс хуралдаж болохыг эрдэмтэд тааж ядан байв. Арван тэрбум нартай манай галактик болох Тэнгэрийн заадас буюу Сүүн замын төвд асар их масстай биет байх ёстой гэж үздэг. Гэтэл хоёр жилийн өмнө дөрвөн сая нарны масстай тэнцэх тийм хачирхалтай биетийг нээсэн нь хар нүхний тухай физик ойлголтод гарамгай үүрэг гүйцэтгэв.

Яагаад хар нүх гэж нэрлэснийг одоо тайлбарлая. Аливаа нэг биет гэрлийн хурдаар гүйхийн тулд түүний масс тэгтэй тэнцүү байх ёстойг А.Эйнштейний харьцангуйн онол харуулсан. Иймд зөвхөн жингүй гэрэл л гэрлийн хурдаар гүйнэ. Иймээс ч энэ хурдыг гэрлийн хурд гэж нэрлэжээ. Түүний хэмжээ зүйрлэшгүй их 299792458 м/сек. Сая сая нарны масстай биетээс нэгэнт гэрэл ч тасарч гарч чадахгүй юм чинь түүний татах хүчнээс юу ч зугтааж үл чадна. Учир иймийн тул тэр биетийг гадны ажиглагч хэзээ ч олж, харж чадахгүй.

Ийм биетийг хар нүх гэж нэрлэжээ.

Нэгэнт нүдээр, дуран авайгаар од шиг ажиглаж болохгүй юм чинь хар нүхийг хайх ч хэрэггүй мэт бодогдоно. Гэвч түүний асар их татах хүчний нөлөөгөөр түүний ойролцоо байгаа од, гаригууд болон бусад масстай биетүүд хар нүхэнд сорогдон их хурдтайгаар түүн дээр унах явцад этгээд сонин “туяа” цацруулснаар хар нүх хаа нэгэн газар байгааг илрүүлж болохыг эрдэмтдийн тооцоо харуулсан. Хар нүхний хая-хүрээ гэсэн гайхамшигтай ойлголтыг амьд сэрүүн тунгалаг байгаа физикчдээс хамгийн алдартай гэгдэх Английн физикч С.Хоукинг оруулжээ.

Хар нүхний хаяны дотогш бүх юм хар нүхэнд сорогдон алга болж хэзээ ч түүнээс тасарч зугтаж гарна гэсэн ойлголт байхгүй. Хар нүхний хаяны гадна байгаа биет хар нүх энд байна гэдгийг мэдэрч эхэлнэ. Харин хар нүхний хаяыг түүнийг тасралтгүй мөнхөд тойрон эргэлдэх гэрлээс бүтнэ гэж үздэг. Хар нүхний хаяны ойролцоо огторгуй-хугацааны шинж төлөв эрс өөрчлөгдөж, цагийн зүүний явалт хязгааргүй удааширч эхэлнэ. Хар нүхний хаяны орчин дахь хоосноос гэрэл цацрах үзэгдлийг Хоукингийн цацрал гэнэ. Ингэж гэрэл цацруулсан хар нүх аяндаа ширгэж үгүй болно. Энэ нь Эйнштейний харьцангуйн онолоор энерги масс хоёрын шүтэлцээний мөрдлөгөө юм. Яагаад гэвэл хар нүх хаяныхаа орчмоос гэрэл цацруулж, өөрийнхөө энергийг алдсан учир түүний массын хэмжээ багасаж эхэлнэ. Ингэж хар нүх аяндаа ууршиж үгүй болно. Энэ үзэгдэл хар нүхний физикт квант шинж чанарыг оруулснаас болж гарч ирсэн таамаглал юм.

Дээр хэлснээр хар нүхний таталцлын асар их хүчнээс болж түүн дээр унаж байгаа хүн (хүний урт 1,8 м гэж үзвэл) гурван км хүртэл утас шиг сунаж унана. Яагаад гэвэл хүний толгой, хөл хоёрын хоорондох таталцлын хүчний зөрүүгээс болж хүн ингэж утас шиг сунах юм.

Хар нүхний тухай физик ойлголт хүн төрөлхтний үе үеийнхний оюун санааг эзэмдэж, түүний хачирхалтай шинж чанарыг улам бүр тодруулсаар байх юм. Жишээ нь, хар нүхийг ашиглан хүн төрөлхтөн түүн дээр хаягдал хогоо асгаж, түүнээс гарсан энергийг ашиглах санаа ч хүртэл бий.

0 Сэтгэгдэл:

Post a Comment